Дэлхийн Монголчуудын Холбооноос Баян-Өлгий аймагт амьсгалын аппарат хандивлав
Дэлхийн Монголчуудын Холбооноос Баян-Өлгий аймагт өнөөдөр 1 ширхэг амьсгалын аппарат, 1000 ширхэг N95 амны хаалт хандивлалаа. Хандивыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэж өгөв.
Тус холбооноос "Монголынхоо төлөө" хандивын аян өрнүүлж, цугласан мөнгөөр манай улсын 3 аймагт амьсгалын аппарат авч илгээсэн аж.
"Долоо хоногийн өмнө Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч, "Дэлхийн Монголчуудын Холбоо"-ны Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай холбогдож аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат хандивлаж байгааг мэдэгдсэн. Мөн "миний нэрийн өмнөөс гардуулж өгөөрэй" гэж хүсэлт тавьсан байгаа.
Аппарат нь ирсэн учраас өнөөдөр Ковидын эмнэлэгт хүлээлгэж өгч байна. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголд ирсэн гуравхан аппаратын нэгийг Баян-Өлгий аймагт хандивлаж байгаад явдалд Дэлхийн Монголчуудын Холбоонд баярлаж талархсанаа илэрхийлье. Бид өмнө нь аймгийн Ковидын эмнэлэгт 10 амьсгалын аппарат бэлдсэн байсан. Сүүлд нь ЭМЯ-аас 5 аппарат өгсөн. Өнөөдөр 16 дахь аппарат маань ийнхүү ирж байна" гэж аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэллээ.