Х.Зауреш: Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбооны гүйцэтгэх захирал Х.Заурештай ярилцлаа.
-Монгол Улс дахь хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх, түүний хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?
-Монгол Улс Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцыг 1981 онд соёрхон баталсан. Тус конвенцын 14 дүгээр зүйлд хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг хангахад төр тусгайлан анхаарах, үндэсний онцлогтоо нийцүүлэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, ялангуяа албан бус салбарт ажиллаж буй хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлаар онцгойлон анхаарч ажиллахыг Засгийн газруудад үүрэг болгосон байдаг. Манай улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх зүйн болон системийн түвшний олон ахиц дэвшлийг бий болгоод байна. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал нь хууль эрх зүй, бодлого, тэдгээрийн хэрэгжилт, соёл уламжлал, олон нийтийн ойлголт хандлага, хэвшмэл ойлголтын хүрээнд төдийлөн сайн хангагдахгүй байсаар байна. Түүний дотор сум, багийн түвшинд буюу хөдөөгийн эмэгтэйчүүд, малчин эмэгтэйчүүдийн эрх хамгийн эмзэг байдалд байна.
-Эмэгтэйчүүдийн эрх хангагдахгүй байгаа шалтгааныг юу гэж үзэж байна вэ? Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудаас ямар нэгэн дорвитой алхам хийж байгаа юу?
-Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн сэдвээр мэргэшсэн олон байгууллага ажиллаж байна.Сүүлийн үеийн нэгэн томоохон ажил бол Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн дэмжлэг, арга зүйн тусламжаар “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал” (2015-2019) судалгааг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг 19 төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 4 баг Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Архангай, Завхан аймагт хийж гүйцэтгэлээ.
Тус судалгаа нь Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай /CEDAW/ конвенцын хэрэгжилтийн альтернатив тайлан боловсруулахад зориулагдсан. Манай байгууллага тус конвенцын 14 дүгээр зүйл дээр ажиллаж, үндэсний цөөнх, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдлыг судалж, дүгнэлт зөвлөмж боловсрууллаа. Энэхүү судалгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л харилцаанд ижил боломжтойгоор оролцох нөхцөлийг бий болгоход соёл уламжлал, тогтолцоо, хууль эрх зүй, жендэрийн хэвшмэл ойлголтын улмаас тулгардаг бэрхшээлийг тодорхойлох, нийгмийн баялгаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэйгээр хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжуудыг эрэлхийлэх, асуудал дэвшүүлэх зорилготой байлаа. Судалгаагаар жендэрт суурилсан хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшний оролцоо, хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн асуудлууд, эрүүл мэнд, боловсрол, гэрлэлт, гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын өнөөгийн нөхцөл, статусыг тодорхойлох, эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулахыг зорьсон.
-Судалгааны үр дүн нь ямар гарсан бэ?
-Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх илүү эмзэг, зөрчил их байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Судалгааны дүгнэлт нь дараах таван байдлаар гарсан байгаа.
Нэгдүгээрт, хот, хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү их байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өссөн байна. Түүний дотор малчдын дундах ядуурал өндөр байна.
Хоёрдугаарт, хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт туйлын эмзэг байна. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үндэсний аж үйлдвэрийн түүхий эд бэлтгэгч, стратегийн хүнс үйлдвэрлэгчийн хэмжээнд авч үзэхгүй байгаа нь харагдсан. Агаарын болон хөрс, ундны усны бохирдол их, нийгмийн аюулгүй байдал баталгаажаагүй төдийгүй хэт олон цагийн үнэлгээгүй хөдөлмөр эрхлэлт зэрэг нь хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх, эрхэм чанарыг дордуулсаар байна. Эрүүл мэндийн тусламж, хамгааллын бодлого нь хөдөөгийн эмэгтэйчүүдэд ээлтэй биш. Түүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэнд болон гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь илэрч байна.
Гуравдугаарт, хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийн аливаа асуудлаар шийдвэр гаргахад оролцох оролцоог баталгаажуулаагүй. Нүүдлийн мал аж ахуй, өргөн уудам газар нутаг, тархай бутархай засаг захиргааны нэгжийн хуваарилалт, засаглалд эмэгтэйчүүдийн оролцох боломж, сонголтыг дэмжсэн эрх зүйн зохицуулалт, тогтолцоо байхгүй. Жишээлбэл, багийн иргэдийн Нийтийн хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хэрхэн юунд зарцуулах талаар хэлэлцдэг. Гэтэл багийн төвд, эсвэл аль нэг төвлөрсөн газарт зохион байгуулах уг хуралд зөвхөн машин, мотоцикл жолоодож чадах хүмүүс л очдог. Тэгэхээр голдуу эрчүүд оролцоно. Иймд малчин эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлаагүй ч заавал эмэгтэйчүүдийн саналыг авах, оролцуулах хууль тогтоомж байхгүй байгаа нь боломжийг нээж өгөөгүй байна гэсэн үг юм.
Дөрөвдүгээрт, хөдөөгийн эмэгтэйчүүд, гэр бүлийн гишүүдийн чанартай боловсрол эзэмших, түүний үр дүнгээр чанартай амьдрах боломж хангалтгүй байна.Сурч хөгжих, насан туршийн боловсрол эзэмшиж чадваржих замаар өрхийн бизнесээ хөгжүүлэх зохицуулалт, хөдөөгийн эмэгтэйчүүдийг хувь хүний хувьд дэмжсэн тусгай зорилтот хөтөлбөр байхгүй.
Тавдугаарт, хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжилд оруулах хувь нэмэр, хөгжлөөс хүртэх хувь маш бага байна. Амьдралын чанарын ялгаатай байдал нь хөгжлөөс хувь хүртэх хэмжээ, чанар, нийгмийн хөгжилд тэдний оруулах хувь нэмэр “халамжлуулах статус”-аар үнэлэгддэг. Энэ нь эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд, үндэсний цөөнхөд, ахмадууд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хамгийн хүндээр тусдаг. Тэднийг дэмжих тусгайлсан бодлого, арга хэмжээ, төсөв хүртээмжгүй байна. Үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах оролдлого хийж буй хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид, идэвхтнүүд эрсдэлд орох магадлал өндөр, төрийн болон нийгмийн хамгаалалт байхгүй байна гэсэн дүгнэлт хийсэн.
- Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа байдлыг арилгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
- Дээр дурдсан дүгнэлтэд үндэслэн зөвлөмж гаргасан байгаа. Энэхүү зөвлөмжийг бүх шатны төрийн байгууллага, төлөөллийн байгууллага, албан тушаалтнууд амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
1.Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн онцлог, олон ажлыг зэрэгцүүлэн амжуулах уян хатан нөхцөл боломжид тохируулан малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ур чадварт сургах тусгай бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг одоо байгаа сангуудын 20 хүртэл хувийг малчин эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор квот тогтоох;
3.Малчин бүр тамгатай өрхийн үйлдвэрлэгч тул үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эцсийн хариуцлагыг хөөн тогтоох тогтолцоог бий болгох;
4.Малчдын нүүдэллэн амьдрах онцлог, тархай бутархай байршил, малчин эмэгтэйчүүдийн олон цагийн хөдөлмөрийн хуваарь, ажлын нөхцөлд тохирсон мэдээлэл хүргэх тогтолцоо, арга механизм бий болгох. Төр, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулахдаа эрхэд суурилсан хандлагаар хандаж, зорилтот бүлгийн малчин эмэгтэйчүүдийг татан оролцуулах арга барил, хандлагадаа эрс шинэчлэл хийх;
5.Аливаа бизнесийн төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг төрөөс олгохын өмнө тухайн төслийн нөлөөллийн бүс дэх хувь хүн, өрх гэр, нийгэмд үзүүлэх нийгмийн болон эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бий болгох, жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийдэг болох;
6.Төрөөс нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг суурин бус хүн амд тохирсон явуулын үйлчилгээний тогтолцоо бий болгох;
7.Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, отор нүүдэл, уул уурхайн нөлөөллийн бүсийн малчин эмэгтэйчүүдэд тулгарч байгаа гэр бүл, нийгэм, улс төрийн асуудлыг судлагдахуун болгон авч үзэж, шийдвэр гаргагчид, судлаачдын анхааралд хүргэх;
8.Орон нутгийн эдийн засагт үр өгөөжгүй, хүрээлэн буй орчныг сүйтгэж, усны хомстол үүсгэж байгаа уул уурхайгаас татгалзахад малчид, иргэдийн оролцоог бодитой хангах шаардлагатай байна.
- Эмэгтэйчүүдийн эрхийн талаар зөвхөн эрх агуулагч тал буюу эмэгтэйчүүд яриад байх нь үр дүн багатай санагддаг. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна.
- Тийм ээ. Аливаа зүйлийг нэг талаас харж, ярьснаар тодорхой үр дүнд хүрэхгүй байх тал бий. Төр эмэгтэйчүүдийн эрхийг хангаж ажиллах талаар НҮБ-ын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ бүх шатандаа биелүүлж ажиллах шаардлагатай. Иймээс төрийн байгууллага, шийдвэр гаргагч нарт НҮБ-ын өмнө хүлээсэн төрийн үүргийг сануулж байх нь зүйтэй.
"Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай" конвенцид эмэгтэйчүүд хөдөө нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх түвшинд оролцох, эрүүл мэндийн хангалттай үйлчилгээ хүртэх, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ авах, нийгмийн хангамжаас шууд хүртэх, албан болон албан бус сургалт, боловсролын бүх хэлбэрт хамрагдах, хамтын нийгэмлэгийн буюу өргөтгөсөн үйлчилгээнд хамрагдах, хөдөлмөр эрхлэх, хөдөө аж ахуйн зээл, зээллэг, борлуулалтын механизм, зохих технологийг хүртэх, газар болон газар тариалангийн шинэтгэл, түүнчлэн газар сэлгэн суурьших төлөвлөгөөнд тэгш оролцох, амьдралын зохих нөхцөлөөр хангагдах зэрэг асуудлууд тодорхой тусгагдсан байгаа.
- Ярилцсандбаярлалаа.